Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээрийн ширээний ард өнөөдөр сууна. Хэлэлцээ “Рио Тинто” компанийн байранд 11.30 цагт эхлэх аж.
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай хэлэлцээр хийх Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилсон билээ. Уг ажлын хэсгийнхэн өмнө цахим уулзалт зохион байгуулж, уулзалтад “Рио Тинто”-г төлөөлж тус компанийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Мөнхсүх, тус компанийн дэд захирал Х.Амаржаргал нар оролцсон билээ.
Харин өнөөдрийн хэлэлцээр Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах, татварын маргааныг эцэслэн шийдвэрлэх, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийсэн нийт гэрээ, хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэгт орсон гишүүд болон “Рио Тинто”-г төлөөлж тус компанийн Зэсийн группын захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцох аж.
У.Тэргэл