Улаанбаатар хотод цар тахлын улмаас 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн "Улаан түвшин"-д шилжээд буй. Энэ хүрээнд айл өрхийн амьжиргааг дэмжих үүднээс иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгосон билээ. Гэтэл үүнийг дагаад бараа бүтээгдэхүүн болоод тээвэрлэлтийн үнэ эрс нэмэгдсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар/ШӨХТГ/-аас хүнсний бараа бүтээгдэхүүний өсөлтөд хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн ба энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдэгдлийг хийжээ.
Тэрбээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Ялангуяа тээвэртэй холбогдуулан үнэ тогтоож хөөрөгдсөн асуудлыг шалгаж байна. ОХУ-ын талаас оруулж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байгаа Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо болон гишүүн болох 11 аж ахуйн нэгжид "Тээврийн үнийг үгсэн тогтоож хөөрөгдсөн” асуудлаар Зөрчлийн хэрэг нээсэн болно.
БНХАУ-ын талаас оруулж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг Замын-Үүдийн шуурхай штабаас эрх олгон оруулж гаргаж байгаа бөгөөд 2021.03.01-2021.04.10 хүртэлх хугацааны тээвэрлэлт хийсэн аж ахуйн нэгж, жолооч нарын мэдээлэлд суурилан үгсэн тохиролцож, үнэ хөөрөгдсөн асуудлаар шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.
У.Тэргэл