Засгийн газрын 130 дугаар тогтоолоор баталсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш нийт 7792 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд гурван тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгожээ.
Сүү боловсруулах 8 үйлдвэр, цехэд арванхоёрдугаар сард 1,533,489 литр түүхий сүүг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй, татварын цахим төлбөрийн баримт /и-баримт/ үүсгэн баталгаажуулсан нийт 1643 малчин, 16 эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгч аж ахуйн нэгжид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-11 дүгээр тушаалын дагуу 766,744,500.0 /Долоон зуун жаран зургаан сая долоон зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлсэн байна.