Самар түүж, мөнгө олох гэсэн иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь ихэсчээ. Цагдаагийн байгууллагаас энэ талаар удаа дараа сэрэмжлүүлсэн ч иргэд хохирсоор байна. Хамгийн сүүлд гэхэд, самар түүхээр явсан 28 хүний зургаа нь угаартаж амиа алдсан ноцтой хэрэг гарсан билээ. Угаартаж амиа алдсан зургаан хүний гурав нь нэг гэр бүлийнхэн байсан нь харамсалтай юм.
Хамгийн гол нь, улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорьсон энэ үeд Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Мандал суманд тал талаас нийлсэн нь анхаарал татаж байгаа юм. Эдгээр иргэд 28-уулаа ачааны хоёр автомашинтайгаар уул руу гарах замдаа хээр хоносон байна. Зарим нь майханд, зарим нь автомашины тэвшин дээр босгосон бүхээгт унтсан аж. Жолооч шөнө дунд босч автомашинаа халаагаад унтсан ба хий бүхээгт тарснаас 22-46 насны зургаан хүн угаартсан байна. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна. Мөн нийслэлээс цагдаа, шинжээчдийн баг Мандал сум руу хөдөлсөн аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)