"Хил хязгааргүй сурвалжлагчид” ТББ 180 улс орныг хамруулсан жил тутмын хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээ танилцуулсан байна. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын шинжээчдийн үзэж буйгаар, коронавирусний цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлэх явдал нэмэгдэх хандлага ажиглагджээ.
Мөн олон улс оронд коронавирусний цар тахалтай тэмцэх нэрийдлээр сэтгүүлчдийн үйл ажиллагааг хязгаарласныг илтгэлд дурдсан байна. Харин Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаар байрт бичигдэж, өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад таван байраар урагшилжээ.
Хэвлэлийн эрх чөлөөний жагсаалтыг Норвеги тав дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол Финланд, Швед, Дани улс ард нь жагсч, манай хойд хөрш ОХУ гэхэд л жагсаалтын 150 дугаарт, харин БНХАУ 177 дугаарт оржээ.
У.Тэргэл