Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор УОК-ын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар нийслэлийн хэмжээнд Хөдөлгөөн зохицуулах түр журам баталсан. Энэ хүрээнд чиг үүргийн 15 байгууллага хөдөлгөөнд оролцох эрхтэй QR кодоо зориулалтын бусаар ашиглаж байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байна.
Тодруулбал, цагийн хязгаартай үед тухайн тээврийн хэрэгслийг өөр хүнд шилжүүлэх, хүнс худалдаа, түгээлт хийх эсвэл зөвшөөрлөө найз нөхөд, хамаатан садандаа дамжуулан өгөх асуудал гарч, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хүндрэл учруулж байгаа аж.
Уг тохиолдолд тухайн зөвшөөрлийг хүчингүй болгож, хурааж авч байгаа. Иргэд та бүхэн хөдөлгөнд оролцохдоо зөвшөөрлөө хэн нэгэнд шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслээ бусдад дамжуулахгүй байх, хуурамчаар үйлдэх зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна. Мөн өнгөрсөн онд буяны үйл ажиллагаанд хэрэглэж байсан зөвшөөрлийнхөө он, сарыг өөрчилж хөдөлгөөнд оролцон хөл хорионы дэглэмийг зөрчиж байна. Зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх зэрэг зөрчлийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл арга хэмжээ авч байгаа учраас иргэд анхаарах шаарлагатай байгааг онцоллоо.
А.Сүх