Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр буюу өнөөдөр Бүгд найрамдах Намиби улсын нийслэл Виндхук хотноо Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний талаарх Бага хурал болж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд эхэлсэн уг хурлаар сэтгүүлчдийн аюулгүй байдал, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах талаар хөндөж буй юм. "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд дэлхий даяар хэвлэл мэдээллийн ажилтнууд, чөлөөт сэтгүүлчдийн гуравны хоёр нь ажлын байраа алдаж, цалин хөлс, орлого буурсныг Бага хурлын үеэр танилцуулжээ.
Бага хурлын үеэр 40 орчим уулзалт болж, цахим мэдээллийн ил тод байдлыг бэхжүүлэх арга замын талаар гурван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Мөн эмэгтэй сэтгүүлчид цахим орчинд хүчирхийлэлд ихээр өртөж байгаа талаар явуулсан судалгааны дүнг танилцуулах ба олон улсад хамгийн нэр хүндтэйд тооцогдох ЮНЕСКО-гийн Гильермо Каногийн нэрэмжит Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг өнөөдөр гардуулах юм.