Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй юм. АТГ цахим системдээ цэс үүсгээд байгаа ба нэр дэвшигчид заасан хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй юм.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй хэмээн заасан байдаг.
Мөн Авлигатай тэмцэх газраас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч танаа” гэсэн гарын авлагыг боловсруулж, холбогдох албаныханд хүргүүлсэн байна.