Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага мэдээлэл иржээ.
Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас хотод 7 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 2 хүний амь хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 08-ны өдрийн 12.00 цагийн орчим Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирчээ. Энэ сарын 09-ний өдрийн 19.00 цагийн орчим Төв аймаг, Жаргалант сумын нутаг дэвсгэрт Hyundai-Sonata-7 маркийн автомашин онхолдож, улмаар зорчигчийн амь хохирсон.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцож байх, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэж байхыг анхааруулж байна.