Цар тахлын энэ цагт эдийн засаг доройтож, аж ахуйн нэгж, байгууллагууд үүдээ барьж, олонх нь дампуурсан. Улсын төсөв ч дундарч, төр, засаг бүсээ чангалахад хүрсэн. Гэтэл энэ цагт төсөвт зохиомол хүндрэл учруулж буй нэгэн зүйлийг Авлигатай тэмцээх газар сөхөв.
Тодруулбал, хууль бусаар халагдсан ажилтанд халсан дарга нь өөрөөсөө нөхөн төлбөр олгох хуультай ч эсрэгээрээ 1,3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргажээ.
Ялангуяа улс төрийн сонгуулийн дараа энэхүү нөхцөл байдал эрчимждэг. Тэрний, энэний хүн хэмээн ажлаас нь үндэслэлгүйгээр халдаг жишиг хэдийнэ болсон. Мөн удирдлага, дарга нар нь өөрийн үзэмжээр ажилтнаа халах, ойрын хүнээ томилохын тулд элдэв шалтаг тоочин чөлөөлөх явдал байсаар ирсэн. Үндэслэлгүйгээр ажлаас халлаа хэмээн хүмүүс шүүхэддэг ч эргүүлэн ажилд нь томилох нь ховор. Томиллоо ч шахаж, дарамтлах нь элбэг.
Мөн шүүхээс ажилгүй байсан төдөн сарын цалинг нөхөн олгох шийдвэр гаргадаг. Гэтэл энэхүү мөнгийг улсын төсвөөс олгоод удаж байна. Тиймээс улсын төсөвт дарамт үүсгэхгүйн улмаас ажлаас нь үндэслэлгүйгээр халсан дарга, удирдлага тэрхүү цалингийн мөнгийг төлөх учиртай ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй явсаар ирсэн юм.
Тиймээс Авлигатай тэмцэх газраас улсын төсөвт дарамт учруулдаг энэ байдлыг халахыг хүсч, төр, засагт хандлаа. Дур зоргоороо хэн нэгнийг халдаг, шүүхээс үндэслэлгүйгээр халсан хэмээн тогтоодог, ажилгүй байсан үеийн цалинг төрөөс олгодог. Энэ гажиг тогтолцоог засч, өөрчлөхгүй бол 1,3 тэрбум гэдэг цар тахлын энэ үед төсөвт ихээхэн дарамт, хүндрэлийг авчрах нь зайлшгүй юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)