Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож буй билээ. Хэдий цар тахалтай ч баяр наадмаас өмнө тархалтыг намдааж, Үндэсний их баяр наадмыг стадиондоо тэмдэглэнэ гэж Ерөнхий сайд мэдээлсэн. Тиймээс Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комииссыг томилж, ажилдаа орсон бөгөөд найруулагчаар нь Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нар хамтран ажиллахаар болсон байна.
Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан бол Г.Цоггэрэл 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Харин "Херо" энтертайнмент студийн захирал Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын тоглолтыг анх удаа найруулсан юм.
Энэ жилийн хувьд түүхэн ойн жил учраас, мөн цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмаа үгүйлэн санасан наадамчин олонд үзэж харах зүйлтэй, мартагдашгүй дурсамжийг үлдээхийн тулд ийнхүү гурван найруулагч ажиллаж, наадмын хаалт, нээлтийн тоглолт, бусад дэглэлтийг хийхээр болжээ.
У.Тэргэл