УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс кофе шоп, сургалтын төв, бассейн, иог, чийрэгжүүлэх төвүүд ажиллаж эхэлнэ. Энэ талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өчигдөр мэдээлэл хийхдээ "Одоогийн байдлаар 18 салбар чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа. Эрсдэлийн үнэлгээ хийж, эдгээрээс зарим үйл ажиллагааг нээхээр боллоо.
Тавдугаар сарын 15-наас кофе шоп танхимынхаа 50 хувьд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллана. Мөн бүх төрлийн сургалтын танхимууд 10 хүртэл хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж болно.
Гуравдугаарт, иог, чийрэгжүүлж, бялдаржуулах төвүүд ажиллана.
Дөрөвдүгээрт, усан бассейн 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллаж эхэлнэ. Үйл ажиллагааг нь нээж буй дөрвөн төрлийн үйлчилгээний байгууллагаар зөвхөн вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэрсэн хүмүүс үйлчлүүлнэ" гэсэн юм.