Цар тахлын улмаас нас барах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Төр, засгаас зургаадугаар сарын дундуур гэхэд халдварын тоо буурч, нас баралт ч дагаад багасна гэдгийг хэлсэн. Гэвч тэр хүртэл хэчнээн хүний амь нас эрсдэх бол.
Өнгөрснийг эргэн харвал, 2021 оны нэгдүгээр сард нэг, гуравдугаар сард зургаа, дөрөвдүгээр сард 102, тавдугаар сард 171 иргэн цар тахлын улмаас нас барсан байна. Тэд 0-95 насных бөгөөд дундаж нас 67 байгаа аж.
Монгол Улс 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр 3.296.666 хүн амтай гэж гарсан. Тэгвэл гурван сая 300 мянга хүрэхгүй хүн амаас нэг сард гэхэд л цар тахлын улмаас 171, дээр нь автомашин, мотоциклийн осол, усанд осолдсон, угаартаж амиа алдсан, зуурдаар, өвчнөөр энэ хорвоог орхиж буй гээд тооцвол олон зуун монгол хүний амь эрсдэж байна. 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар гэхэд л, хүүхэд өртсөн зам тээврийн осол 71 бүртгэгдэж, ослын улмаас 69 хүүхэд гэмтэж, найман хүүхэд амь насаараа хохирсон, зам тээврийн ослын улмаас 72 хүний амь нас хохирсны 22 нь явган зорчигч, найман аймгийн 13 сум, нийслэлийн гурван дүүрэгт 18 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 13 хүн амь насаа алдсаны дөрөв нь хүүхэд, 30 орчим хүн гал түймэрт амиа алдсаны 11 нь хүүхэд гэхчилэн сэрдхийм мэдээллийг та бид өдөр бүр хардаг, уншдаг, сонсдог. Монголын хүн ам цөөхүүлээ мөртлөө амиа алдсан хүний тоо харьцангуй их, түүн дээр коронавирусний халдварын улмаас өдөрт олноороо нас барж буй нь сэтгэл түгшээж байна.
У.Тэргэл