
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль орон даяар үргэлжилж байна. Санал хураалт орой 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Тиймээс сонгуульдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд:
62.13.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:
62.13.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
62.13.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
62.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;
62.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;
62.13.5.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.
Зөрчлийн тухай хуульд:
30.Сонгогч нь: 30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан; 30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан; 30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн; 30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


















































