Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд:
Ойрын 2 хоногтоо нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр, 16-наас нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, гол мөрний усны түвшин улам нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 06 дугаар сарын 16-наас 06 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 16-17-нд говь, тал хээрийн нутгаар, 18, 19-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.