Зэвсэгт хүчний жанжин штабын 032 дугаар ангид алба хааж байсан ахлах ахлагч цолтой О.Батдэлгэр өмгөөлөгчийн хамт өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би 2012 оноос цэргийн албанд татагдан, улиран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд сахилгын шийтгэл, гэмт хэргийн шинжтэй хэрэг үйлдэж байгаагүй. Намайг гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байхад Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын зүгээс элдвээр хэлж, мөнгө авсан нь батлагдсан гэж надад дарамт шахалт үзүүлж, өргөдлөө өгөхийг шаардсан.
Энэ дарамтыг тэвчиж чадалгүй нэг сарын дараа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Өнөөдөр би Зэвсэгт хүчний жанжин штабын хууль бус аман шийдвэрийн уршгаар таван хүүхдээ ч тэжээж чадахгүй, зургаан сараас нэг жилийн хорих ялтай эрүүгийн хэрэгт шалгуулж байна. Энэ хэргийг одоог хүртэл шийдээгүй гацаасаар байна" гэв.
Ташрамд өгүүлэхэд, тэрбээр энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Түүнийг хугацаат цэргийн алба хаагчийн биед халдсан, мөнгө авдаг байсан гэх гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)