Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаар ээлжилт мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт буюу зургаадугаар сарын 15-ны өдөр 13673 мянган хүнд шинжилгээ хийхэд 2395 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1750 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол нэг тохиолдол эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 82353 болж нэмэгдэж байна.
Харин 644 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Орхон 87 Дархан 51, Хөвсгөл 22, Увс 16, Баян-Өлгий 24, Ховд 9, Завхан 15, Булган 5, Архангай 40, Говь-Алтай 36, Баянхонгор 101, Ховд 9, Архангай 40, Булган 5, Төв аймагт 44, Өвөрхангай 50, Хэнтий 41, Сэлэнгэ 31, Дорнод 12, Дундговь 12, Сүхбаатар 29 тохиолдол бүртгэгдлээ.
Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт есөн хүн нас барж, халдварын улмаас нас барсан хүн 389 боллоо. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн хугацаанд 827 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Харин өнөөдрийн байдлаар 9643 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 5966 хүн нь хөнгөн, 2640 хүн нь хүндэвтэр, 858 хүн хүнд, 179 хүн маш хүнд байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар