Улсын онцгой комиссоос коронавирусний халдварын талаар мэдээллээ хийлээ.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт буюу зургаадугаар сарын 17-ны өдөр 2746 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1876 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол гурван тохиолдол эмнэлгээс шалтгаалах халдвар бол 7 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 87730 болж нэмэгдэж байна.
Харин 860 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт 11 хүн нас барж, халдварын улмаас нас барсан хүн 411 боллоо. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн хугацаанд 2505 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Харин өнөөдрийн байдлаар 10758 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 6762 хүн нь хөнгөн, 2860 хүн нь хүндэвтэр, 943 хүн хүнд, 193 хүн маш хүнд байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар