Сангийн сайд Б.Жавхлан "Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дархлааг хадгалах, сэргээх, урамшуулах хэлбэрээр 50 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр тооцож, олгох шийдвэр гаргалаа" гэж Засгийн газрын тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдааны үеэр мэдэгдэж байв. Энэ дагуу вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэд тавдугаар сарын 6-наас урамшууллын мөнгөө авч эхэлсэн билээ. Мөн удалгүй вакцины эхний тунгаа тариулсан иргэдэд ч энэ мөнгийг олгохоор болсон юм.
Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амын зорилтот бүлгийн 60 хувь нь буюу 2.1 сая хүн вакцинд хамрагдах тооцоо бий. Харин өнөөдрийн байдлаар, 1.8 сая буюу 88.6 хувь нь вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдан урамшууллын 50 мянган төгрөгийг авчээ.
Мөн өдгөө жирэмсэн эмэгтэйчүүд, 16-17 насны хүүхдийг дархлаажуулж эхлээд байгаа. Тэдгээрт ч мөн урамшууллын 50 мянган төгрөгийг олгож эхэлжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.8 хувь буюу 970.975 нь I тунд, 89.8 хувь буюу 856.019 нь II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 526 жирэмсэн эх, 16-17 насны 3910 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунг хийлгээд байна.
У.Тэргэл