Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд “Д.Нямхүү хуурамч коронавирусийн хуйвалдааныг илчилж, худалч, хулгайч томчуудын булхайг дэлгэнэ” гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Сайтуудаар “Д.Нямхүү хуурамч коронавирусийн хуйвалдааныг илчилж, худалч, хулгайч томчуудын булхайг дэлгэнэ” гэсэн гарчигтай хуурамч мэдээ явж байна. Энэ бол худал мэдээлэл. Би ийм ярилцлага өгөөгүй, энэ тухай ч хүнтэй яриагүй. Тийм учраас ийм буруу, ташаа мэдээлэлд нэрийг минь хавчуулж, миний нэр төрд халдахаа болиоч ээ. Миний хувьд коронавирус гарч эхэлснээс цагаас хойш маш сайн ажилласан гэж боддог. Миний үед ажиллаж байсан баг, хамт олон, цагдаа, онцгой байдал, эмч, төрийн байгууллагынхан, ЭМЯ хамтарч ажиллахдаа чадлынхаа хэрээр хоорондоо зөвлөлдөж, зөв шийдвэрийг гаргаж, хамгаалж ирсэн. Монгол Улс дотроо коронавирус алдсанаас хойш олон тохиолдол, нас баралт нэмэгдэж байгаа хэдий ч одоо ажиллаж байгаа нөхдийгөө би өдөр шөнөгүй биеэ үл хайрлан зүтгэн ажиллаж байна гэж бодож явдаг. Тийм ч учраас намайг ажилгүй байх хооронд нэрийг минь зээлдэж, худал, хуурамч мэдээлэл тарааж, битгий ард иргэдийг үймүүлээч ээ гэж хүсэж байна" гэв.
Б.Баатар