Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсож эхэллээ.
Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Халдварын тохиолдол сүүлийн хоёр долоо хоногт эрчимтэй нэмэгдсэн. Говь-Алтай, Орхон аймагт халдвар хамгийн өндөр байна. Нийт өвчлөлийн 23.2 хувийг хүүхдүүд эзэлж байна. Жирэмсэн 1500 гаруй эх халдвар авснаас 610 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн ажилчдын хүний нөөцийн хомсдол үүсэж, нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа эрчимт эмчилгээ нарийн мэргэжлийн эмч нарын хомсдол үүссэн. Одоогийн байдлаар резидент эмч нарыг мөн төгсөх курсийн оюутнуудыг дайчилгаанд бэлдэж байна” гэлээ.
Мөн УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, Доктор Т.Бэгзсүрэн “Долоодугаар сарын эхэнд нас баралт өдөрт 15, халдвар дунджаар 2500-3000-д хүрч, оргилдоо хүрч болзошгүй. Бид хөл хорихгүй энэ чигээрээ явбал 2021 оны аравдугаар сарын 1-ныг гэхэд халдварын тооны дээд хязгаар нь 220 мянга болно. Харин 10-16 хоногийн хөл хорио тогтоовол аравдугаар сарын 1-ныг гэхэд 170-180 мянга хүртэл буурах тооцоолол гарсан” гэлээ.
У.Тэргэл