Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд аянга буусны улмаас хээрийн түймэр гарч, 10.500 га талбай шатаж байсныг цаг алдалгүй унтраажээ. Тодруулбал, зургаадугаар сарын 28-ны өдөр Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн "Шовголдой" гэдэг газар 18:00 цагийн орчимд аянга бууж, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 18:06 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 70 км зам туулан, 20:05 цагт очиж, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран ажилласнаар 20 км урттай хээрийн түймэр 5 км өргөн талбайд тархсан байсныг бүрэн унтраасан байна.
У.Тэргэл



















































