
Сангийн яам, Монголбанк хамтран төсвийн тодотгол болон шинэ бондын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Бид гурван шалтгаанаар 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна. Нэгдүгээрт, иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлд 321.2 тэрбум төсөвлөв.
Эрүүл мэндийн салбарын ажилчдын урамшуулалд 454.6 тэрбум, резиндент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум төсөвлөсөн. Мөн иргэдийн орлогыг хамгаалж, эдийн засгийг дэмжих чиглэлд 576 тэрбум төсөвлөсөн. Он дуустал 1.2 сая хүүхдэд 100 мянган төгрөг олгохоор боллоо. “Эрдэнэт” ТӨҮГ, “Тавантолгой" компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд олгож байсан цахилгаан дулаан, ус, хогны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төсвийн тодотголд тусгалаа. Энэ жилийн төсвийн тодотголыг “Ковид-19”-ийн нөхцөл байдалд зориулна гэсэн концепц хийлээ.
Эрүүл мэндийн салбарт урсгал зардал болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нөөцийг нэмэгдүүлэхээр болов. Нөгөө талаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тарифаар дамжуулан “Ковид-19”-ийн эсрэг тусламж үйлчилгээг санхүүжүүлэх, үүнд Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлуулсан хөрөнгөөс 493.9 тэрбум буюу нийт 725.1 тэрбумыг эрүүл мэндийн санхүүжилтэд нэмэхээр төсөвт тодотгож танилцуулж байна" гэв.
У.Тэргэл



















































