Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд нарын гишүүдээс боловсруулсан Зарим хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Харин Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг сайтар нягталж, холбогдох байгууллагуудын саналыг авч, тооцоо судалгаатай оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэнээр дэмжлэг авч чадсангүй.
Уг тогтоолын төсөлд доорх зорилтыг тусгажээ.
- Тогтоолын төсөлд Ховд-Улиастай /Байтаг/ боомтын үйл ажиллагааг байнгын ажиллагаатай болгох, экспортын гарцыг нэмэгдүүлэх,
- Улиастай /Байтаг/ боомтоос Булган сумын чиглэлд 120 км хатуу хучилттай авто замыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ,
- Ховд-Булган /Ярантай/ боомтын үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх,
- Эрдсийн тусгай гарц нээх, зорчигч тээвэр гарах, орох замыг тусад нь байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг яаралтай хэрэгжүүлэх,
- Өмнөговь-Ханбогд /Гашуунсухайт/ боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх 20 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулах,
- Гашуунсухайтын боомтод ес дэх шинэ гарцыг бий болгож, уг гарцаар зөвхөн үндэсний аж ахуйн нэгжийн ачаа барааг тээвэрлэх зохицуулалт хийх. Энэ ажилд шаардагдах санхүүжилтийг тухайн орон нутгийн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэх боломжтой эсэхийг судалж үзэх;
- Говь-Алтай-Наран сэвстэй Мазуншань боомтын үйл ажиллагааг дахин сэргээж нээж Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор болгох асуудлыг судалж шийдвэрлэх зэргийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.