Эмч нар цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардан Төв талбайд олон хоног суулт, жагсаал хийж буй. Тэд “Монголын эрүүл мэндийн салбар туйлдаад удаж байна. Бид ард түмэндээ хайртай, мэргэжилдээ дуртай, үнэнч. Бидний үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна.
Одоо 3100 эмч, сувилагч халдвар аваад байна. Бид долоодугаар сарын 1-нээс хойш шаардлага хүргүүлж, дуу хоолойгоо нэгтгэж байгаа ч харамсалтай нь өнөөг хүртэл төр, засгаас ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй.
2021 оны нэгдүгээр улирлын байдлаар улсын дундаж цалин нэг сая 390 мянга хүрснийг холбогдох хүмүүс бахархалтайгаар зарласан. Гэтэл манай салбарын цалин хэд байгаа билээ.
Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 640.000. Хоёр дахин нэмэгдүүлсэн ч улсын дунджид хүрэхгүй. Бидний ачаалал өмнөхөөсөө 3-5 дахин нэмэгдсэн. 14 хоног, бүтэн сараар гэртээ харих ч завгүй ажилладаг.
Монголын бүх эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа. Энэ жагсаал улс төрийн захиалга биш, нийгмийн шаардлага. Гэртээ харих ч завгүй, ар гэр, амьдралаа умартаад олон сар ажиллалаа. Засгийн газрын шийдвэрийг өнөөдөр харна. Нааштай шийдвэр гаргахгүй бол улс даяар ажил хаялт зарлана. Одоо бид эндээс явахгүй. Үргэлжлүүлж жагсана” гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)