Эрүүл мэндийн салбарынхан цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч, Төв талбайд суулт зарлаад байгаа юм. Тэд Засгийн газар өнөөдөр тодорхой шийдвэр гаргахгүй бол маргаашаас ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байгаа.
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд яг одоо Төв талбайд эрүүл мэндийн салбарынхантайгаа уулзаж байна. Энэ үеэр С.Энхболд сайд: “Манай салбарынхан талбай дээр хоёр хоног сууж байна. Засгийн газар үүнд анхаарал тавьж, ажиллаж байгаа. Би ч гэсэн энэ албан тушаалыг өнгөрсөн дөрөвдүгээр сард авахдаа тухайн үедээ цалингийн доод жишгийг тогтоож өгөөд цалинг нэмэх бүрэн боломж бий эсэхийг судална гэдгээ хэлж байсан.
Өнөөдөр хоёр ч байгууллага цалингаа 20 хувиар нэмчихээд байна. Гэмтэл согог, сэргээн засах клиникийн төв, Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэг. Тиймээс эмнэлгүүдэд дотоодын нөөц боломж байна гэсэн үг юм. Салбарын сайдын хувьд байнга энэ асуудлыг Засгийн газарт оруулна, 56 мянган ажилтныхаа нийгмийн асуудалд ч онцгой анхаарна. Гэлээ ч бас ойлгох хэрэгтэй.
Цалинг хоёр дахин нэмнэ гэхээр манай улсын төсөв ямар билээ. Тиймээс маш сайн гаргалгааг олох хэрэгтэй байна” гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)