Баянзүрх дүүрэгт 35-хан настай залуу “Энэрэл” эмнэлгийн үүдийг сахьсаар эмнэлгийн анхан шатны ямар ч тусламж авч чадалгүй харамсалтайгаар амиа алдсан билээ. Гэтэл НЭМГ-ын дарга нь түүнийг олон хоногоор архи уусан тухай мэдээлж, өөрсдийгөө уснаас хуурай авч гарах гэсэн нь нийгмийг тэр чигт нь бухимдуулж, олон хүнийг эгдүүцлийг төрүүлсэн юм. Тэр ч үүднээсээ буруутай хүмүүст хариуцлагын асуудлыг хөндөж, эхнээс нь ажлаас нь чөлөөлснөөр бухимдлыг хэсэгтээ намжаасан ч сандал, ширээтэйгээ зууралдах явдал мэр сэр гарсаар байна.
Тухайлбал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар мэдээлж байсан. Гэвч удалгүй Р.Пүрэвдаш дарга өөрөө сугарч үлдэн, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболдыгоо албан тушаалаас нь чөлөөлөх тушаал гаргасан байлаа.
Р.Пүрэвдаш даргын хувьд тэтгэвэрт гарах нас нь хэдийнэ болсон ч , ажилчдынх нь буруугаас болж хүний эрдэнэт амь эндсэн ч албан тушаалтайгаа зууралдаж сууна. Өөрөөр бол, тэрбээр чимээгүйхэн тэтгэвэртээ гарч, өөрт нь олон жил шадарласан залуу орлогч даргаа ажилтай нь үлдээх ёс жудгийг үлгэрлэх байв.
Харин хаа сайгүй албан тушаалын халаа, сэлгээ үргэлжилж байгаа энэ үед ялангуяа доголдоод байгаа эрүүл мэндийн салбарт шинэ, залуу боловсон хүчнээр эгнээгээ сэлбэж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэлийг томилохоор шийдвэрлэсэн байна. Б.Одгэрэл нь хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй. Өмнө нь хувийн хэвшил, ЭМШУИС-д хэлтсийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)