
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт буюу долоодугаар сарын долооны өдөр 9000 орчим хүн шинжигээ хийхэд 1510 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 752 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 131.963 болж нэмэгдэж байна.
Харин 758 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай мэдээ дуулгахад өнгөрсөн 24 цагт есөн хүн нас барлаа. Тэдний гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Өнгөрсөн 24 цагт 1541 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Харин 12888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 8195 хүн хөнгөн, 3303 хүн хүндэвтэр, 1169 хүнд, 221 хүн маш хүнд байна.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар



















































