Нийслэлийн удирдлагууд баар, цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, хариуцлагын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу өчигдрөөс буюу долоодугаар сарын 7-ноос нийслэлд үйл ажиллагаа явуулдаг баар, цэнгээний газрууд 22:00 цаг хүртэл ажиллаж эхэлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм баримталж, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүргийг "Хариуцлагын гэрээ"-нд тусгажээ.
Мөн хяналт тавих, үүрэг хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт, биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар цаашид зохион байгуулах аж.