Яаралтай тусламжийн 103 төвийн удирдлагууд сандал, ширээтэйгээ үхэн хатан зууралдаж байна. Удирдлагууд ч гэж дээ тус төвийн дарга Ц.Пүрэвдаш, түүний орлогч С.Ариунболд нар юм.
“Энэрэл” эмнэлгийн үүдэнд анхан шатны ямар ч тусламж авч чадалгүйгээр харамсалтайгаар амиа алдсан 35 настай залуугийн үхэлд бие биеэ буруутган, чи би дээ тулж эцэстээ Ц.Пүрэвдаш дарга нь өрөөгөө лацдаад тамгаа аваад сураггүй болсон бол С.Ариунболд нь ажлаа өгөхгүй хэмээн өрөөгөө дотроос нь түгжчихээд гүрийж сууна.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж гэж нөхрийн тушаал заавар тэдгээрт огт үйлчилдэггүй бололтой. Учир нь, дээрх харамсалтай явдал болсны дараахан НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн тушаалаар Яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдашийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Хариуцлага тооцжээ гэж олон нийт ойлгосон ч дараа өдөр нь нөгөө халагдсан дарга чинь тушаал гаргаж, Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаа ажлын хариуцлага алдсан гэдгээр халах тушаал сөргүүлээд гаргасан байлаа. Хамгийн инээдтэй нь даргыг нь халсан НЭМГ-ын дарга дахин тушаал гаргаж, орлогч дарга С.Ариунболдыг эгүүлэн ажилд нь томилсон гээд толгой эргүүлэм эргэж буцсан үйл явдал энэ байгууллагад өрнөж байна.
Яаралтай тусламжийн төвийн даргын суудал тэднийг юундаа тэгтэл нь татна вэ. Эдгээр нөхөд Яаралтай тусламжийн төвд “мөнхөрч” байгаа хоёр. Ажил нь гавьдаггүй ч албан тушаалтайгаа зууралдсаар өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг банкинд байршуулж хүүг идсэн, түргэн тусламжийн автомашин оруулж ирэх нэрийдлээр дундаас нь мөнгө завшсан, 80 мянган ам.долларын гээд тус төвийн дарга нартай холбоотой дуулиан дэгдэж, холбогдох байгууллагууд шалгаж байсан.
Өдгөө харин дарга нарынхаа дунд ажилчид нь зүдэрч сууна. Цалин, шатахуунаас эхлүүлээд наад захын хэрэглээг нь шийдэж гарын үсэг зурах даргагүй болжээ. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өөрийнх нь тушаалыг үл тоон тамга тэмдгээ аваад сураггүй болсон Ц.Пүрэвдаш даргаа яах учраа олохгүй, арга ядахдаа шинэ тамга хийлгэх яриа хүртэл гараад байна.
Дарга нарын сандал ширээтэйгээ зууралдсан, тамга тэмдгээ авч зугтдаг ийм жүжиг бүхий л салбарт өрнөж байгаа нь хариуцлагыг тооцсон шиг тооцдоггүйтэй холбоотой. Салбарынх нь сайдын суудал дэнчигнэж байгаа энэ үед доод албан тушаалтнууд чихийг нь халууцуулж дуусахгүй бололтой.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)