Усархаг аадар борооны улмаас зарим нутагт үер бууж, зам давааны зорчих хэсэг эвдрэн автомашины хөдөлгөөнд саад учруулаад байна. Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан, Ихтамир сумын нутагт их хэмжээний хүчтэй аадар бороо орсны улмаас замын зорчих хэсгийн далан сэтэрч, эвдрэл гэмтэл үүссэнийг Архангай АЗЗА ТӨХК засварлаж дуусган, зам давааг саадгүй болгосон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Түүнчлэн их хэмжээний усархаг борооны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Хөвсгөл нуур, Хатгал тосгон чиглэлийн сайруудад үер бууж, техник хэрэгсэл урсах эрсдэлтэй хэвээр байгааг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас сэрэмжлүүллээ.
Мөн үерт автомашинууд урссан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу автомашинуудыг татаж гаргасан ба үерлэсэн голоор гарахгүй, эрсдэлд орохгүй байхыг холбогдох албанаас анхаарууллаа.