Монгол Улсын консерваторийн эзэмшлийн газарт Боловсролын үнэлгээний төвийг барих гэж газрыг нь сэндийчиж, барилга барихаар зэхэж буйд тус сургуулийн багш, сурагчид анх эсэргүүцэн тэмцлээ эхлүүлсэн бол өдгөө улам өргөжиж, төгсөгчид, сурагчдын эцэг, эхчүүд нэгдээд байгаа билээ.
Сургуулийн багш нар шөнийн цагаар газар шорооны ажлыг эхлүүлэхгүйн тулд төгсөгчид, дэмжигчдийнхээ хамт ээлжээр баяр наадмын өдрүүдээр ч хонон өнжин жижүүрлэж байгаа ба газрын эрхийг цуцалтал тэмцлээ үргэлжлүүлэх юм байна. Тус сургуулийн сурагч, төгсөгчид эхнээсээ сурч буй мэргэжлийнхээ давуу талыг ашиглан эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Тухайлбал, Монгол Улсын гавьяат багш Монгол Улсын Консерваторын Удирдах зөвлөлийн гишүүн, цохивор хөгжмийн багш Б.Зоригтын удирдсан оюутан, сурагч, төгсөгчид Монгол Улсын Консерваторын газар дээр Боловсролын үнэлгээний төвийн байр барихыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн цохивор хөгжмийн хэмнэлээр эсэргүүцлээ илэрхийллээ.
Мөн тус сургуулийг төгссөн Никитон, Камертон болон алдартай дуучид, хөгжимчдийг төрөлх сургуулиа хамгаалах, газар нутгийг нь булаалгахгүй байхад дуу хоолойгоо нэгтгэж, үзэл бодлоо илэрхийлэхийг сургуулийн хэсэг төгсөгчид уриалж эхэлжээ.
Монголд урлаг, соёлын алдартнуудыг төрүүлдэг, олон жилийн түүхтэй тус сургуулийн газарт жилийн жилд шунагчид байсан. Харин энэ удаад газрыг сэндийчиж эхэлсэн тул ийнхүү тэмцлээ эхлүүлжээ.
Консерваторийн удирдлагууд Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдад шаардлага хүргүүлж, газрыг сургуулийн эзэмшилд хэвээр үлдээх, хашаан дахь барилгын материалуудаа буцаан ачих, овоолсон шороог зайлуулахыг хүслээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)