Долоодугаар сарын 10-16-ны өдрүүдэд буюу баяр наадмаар гол усанд нийт 22 хүн осолдон амиа алдсан харамсалтай мэдээ байна. Тодруулбал, нийслэлд 6, орон нутагт 16 хүн нас баржээ. Хүйсээр нь харвал, эмэгтэй долоо, эрэгтэй 15 байсан ба том хүн 18, дөрөв нь хүүхэд байна. Осолдсон байдлыг үзвэл, Туул голд живсэн дөрөв, Хэрлэн голд гурав, Хараа голд гурав, Эгийн голд нэг хүн живсэн байна. Харин нууранд 5, тогтоол усанд 5 иргэн амь насаа алджээ.
Иргэдийн нас барсан шалтгааны тухайд гэвэл бүгд амралт аялал зугаалгаар явж байжээ. Ингэхдээ
- сэлэх гэж гол руу орсон,
- голд хийлдэг гудас хөмөрсөн,
- нууранд морьтой орсон,
- загас барьж байгаад хөл алдсан,
- хаднаас хальтарч унасан зэрэг шалтгаанууд байна.
Одоогоор гурван иргэний цогцос олдоогүй, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Туул голын эрэг дагуу цагдаагийн 101 алба хаагч өдөр бүр явганаар болон мотоцикльтой эргүүл хийж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байгаа аж. Цаашлаад амралт зугаалгын өдрүүд дуусаагүй, мөн ойрын өдрүүдэд цаг агаар халах төлөвтэй байгаа учир иргэд гол усанд осолдохоос өөрийгөө болон бусдын амь насыг хамгаалахыг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.