Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай давах ганц арга нь одоогоор вакцин болоод байгаа. Иргэдийг вакцинд хамруулах, идэвхжүүлэхийн тулд УОК, ОБЕГ, Засгийн газраас чамгүй мөнгийг төсвөөс гаргасан. Зөвхөн өнгөрсөн тавдугаар сард гэхэд л “Иргэд ээ, вакциндаа идэвхтэй хамрагдаарай” гэсэн агуулгаар сурталчилгааны ажил хийлгэхээр ОБЕГ найман Төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж ажиллажээ.
Энэ сурталчилгааны ажилд зориулан 88 сая төгрөгийг ОБЕГ долоон ТББ, нэг компани руу шилжүүлсэн баримт байдаг.
Хамгийн хачирхалтай нь эдгээр найман өөр агуулга бүхий сурталчилгааны ажлын тавыг нь нэг үүсгэн байгуулагчтай ТББ руу, хоёрыг нь мөн л нэг үүсгэн байгуулагчтай ТББ руу гаргасан байдаг юм.
Нэг үүсгэн байгуулагчтай ийм олон ТББ-даар ОБЕГ-оос мөнгө гаргуулах “аймаар санаа” хэнд төрөв гэдэг нь сонин байгаа юм.
Тавдугаар сард ОБЕГ-оос гаргасан сурталчилгааны найман ажлыг сонирхуулъя.
- “Штаб левел” ХХК – Фэйсбүүк болон Твиттер орчинд сурталчилгаа хийлгэсэн. Гэрээний дүн 20 сая төгрөг.
2. “Залуучуудын зөв давалгаа эерэг хандлага” НҮТББ – Нэг бичлэг хийлгэх, түүнийгээ Фэйсбүүк орчинд бүүстлэх. Гэрээний дүн 9 сая төгрөг.
3. “Нийгмийн сүлжээнд эрхэм эв эе зөв хандлага” НҮТББ – Брэндбүүк хийлгэх, сошиалд нөлөө бүхий хүмүүсээр пост бичүүлэх. Гэрээний дүн 10 сая төгрөг.
4. “Окулус девелопмент Монголиа” ХХК – Хоёр нэвтрүүлэг хийлгэсэн. Гэрээний дүн 9 сая төгрөг.
5. “Цахим орчин хөгжүүлэгчдийн оролцоог дэмжих төв” НҮТББ – Дөрвөн бичлэг хийлгэсэн. Сошиал орчинд давлагаа үүсгэх фрэйм бий болгуулсан. Гэрээний дүн 10 сая төгрөг.
6. “Цахим орчин дахь иргэдийн оролцоог судлах судалгааны төв” НҮТББ – Aimar.mn, Setge.mn сайтуудтай хамтарч ажилласан. Гэрээний дүн 10 сая төгрөг.
7. “Нийгэм дэх иргэдийн харилцааг судлах судалгааны төв” НҮТББ – Бичлэг, постер хийлгэсэн. Гэрээний дүн 9 сая төгрөг.
8. “Нийгэм дэх иргэдийн оролцоог дэмжих төв” НҮТББ – Стори хийлгүүлсэн. Гэрээний дүн 10 сая төгрөг.
Уг ТББ-уудын зүгээс бидэнд “Дээрх гэрээт ажлууд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр цар тахлын эсрэг мэдээлэл, сурталчилгааны ажлыг гүйцэтгэхэд зарцуулагдаж байгаа болно. Уг ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажил, мөнгөний зарцуулалт зэргийг санхүүжүүлэгч тал болох олон улсын байгууллагууд шууд хянаж, ажилладаг. ОБЕГ нь зөвхөн гэрээ байгуулж, Олон улсын байгууллагын зүгээс зөвшөөрсөн байгууллагад мөнгийг шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Санхүүгийн хяналт, ажлын гүйцэтгэлийг олон улсын байгууллагууд хянаж байгаа учир зориулалтын бусаар зарцуулах боломжгүй” гэх тайлбар өгөв.
Сэтгэгдэл (4)