Салбартаа ажил үйлсээрээ манлайлсан төрийн албан хаагчдад Монгол улсын засгийн газрын хүндэт өргөмжлөл олгодог уламжлалтай. Монгол улс 200 мянга орчим төрийн албан хаагчтай. Тэдний 49 хувь нь Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын ахлах шинжээч Алтаннямын Мөнх-Оргил өнөөдөр салбарынхан дундаасаа ажил үйлсээрээ тэргүүлж Засгийн газрын шагнал хүртсэнийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө. Ахлах шинжээч А.Мөнх-Оргил нь Австрали улсад суралцан төгсөж ирмэгцээ салбарынхаа төсвийн төслийг цахим хэлбэрт шилжүүлэх санаачилга гарган, ажил хэрэг болгоод байна.
Энэ ажлын үр шимээр Боловсролын салбар 2022 оны төсвөө цахимаар авах болж, жилд тэрбум орчим төгрөгийн хэмнэлт хийх боломж бүрдсэн юм. 150 хүүхдийн ортой цэцэрлэг барих хэмжээний хэмнэлтийг салбартаа бий болгосон түүний зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар ийнхүү үнэллээ.