Японы нийслэл Токиод зуны олимпийн XXXII наадам хоёр хоногийн дараа эхэлнэ. Монголчууд 57 жилийн өмнө “Токио-1964” олимпод анх хөл тавьсан цагаас хойш давхардсан тоогоор нийт 268 тамирчин спортын найман төрөлд хүч чадал, бяр тэнхээгээ сорьсон түүхтэй.
Энэ хугацаанд чөлөөт бөхийн төрөлд 76, жүдо 63, бокс 45, буудлага 18, хөнгөн атлетик 15, байт харваа 15, дугуй 13, хүндийн өргөлт 13, усанд сэлэлт 10 тамирчин оролцож байв. Монголын баг зуны олимпийн 13 наадамд оролцохдоо хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медалийг олимпийн наадмаас авчээ. Харин монголчууд “Токио-1964”, “Сидней-2000” олимпийн наадмаас ганзага хоосон ирсэн бол “Лос-Анжелес-1984” олимпод багш тамирчидаа илгээгээгүй юм.
Тэгвэл энэ удаагийн олимпийн наадамд 43 тамирчин оролцох юм. Үүнд ширээний теннис, сагсан бөмбөгийн 3х3 төрөлд анх эрх авсан байна. Ингээд зуны олимпийн наадамд давхардсан тоогоор 311 монгол тамирчин эрх авч орохоор боллоо.