“Ковид-19”-ийн Дельта шинэ хувилбар аюул, эрсдэл дагуулж буйд дэлхий нийтээрээ түгшиж эхэлсэн. Харин АНУ-ын Йелийн их сургуулийн судлаачид Дельта хувилбарын талаар судалгаа хийж, тодорхой дүгнэлт гаргажээ.
Уг судалгаагаар Дельта хувилбар нь анх дэгдсэн Альфа хувилбараас илүү халдварлах чадалтай. Вакцингүй, маскгүй орчинд нэг Альфа хувилбар тээгч нь дундажаар 2,5 хүнд халдаадаг бол ийм орчинд Дельта хувилбар 3,5-4 хүнд халдаана. Судалгаагаар ямар вакцинууд Дельта хувилбарын эсрэг үр дүн үзүүлж байгааг тогтооход “Файзер” вакцин хийлгэсэн бол хүндрэх магадлалыг 96 хувь, бусад нь 93 хувь хүртэл бууруулж байжээ.
Дельта вирус хотоос алслагдмал жижиг суурин, хотод хурдацтай тархах эрсдэлтэйг мөн судалгаагаар тогтоожээ. Ялангуяа вакцин хийлгээгүй хүмүүст илүүтэй халдварлаж, богино хугацаанд хүндрэх магадлал нь өндөр аж.
Сайхан мэдээ нь, Дельта вирус хоёр дахин хоруу чанартай гэж байсан ч сүүлийн үеийн тайлангуудад вакцин хийлгэсэн тохиолдолд хөнгөн тусч байгаа аж. Нэг үгээр, вакцин бол Дельта хувилбарын эсрэг хамгийн сайн хамгаалалт. Вакцины бүрэн тундаа хамрагдсан бол эмнэлгийн сэхээнд очтолоо хүндрэхгүй гэдгийг Йелийн их сургуулийн судлаачид онцолжээ.
У.Тэргэл