“АИ-92” шатахууны үнийг долоодугаар сарын 2-нд литр тутамд нь 300 төгрөгөөр нэмсэн билээ. Тэгвэл ирэх наймдугаар сард манай улсад шатахуун нийлүүлэх хилийн үнэ долоодугаар сарын эцэс сүүлчээр тодорхой болно. АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улс сард дундажаар 40 орчим мянган тонн “АИ-93” шатахуун импортлодог. Гэхдээ нефть импортлогч компаниудын захиалга сүүлийн сард багассан.
Тодруулбал, 20 орчим тонн болж буурсан нь дэлхийн зах дээл дэх газрын тосны болон хилийн үнийг нэмсэнтэй холбоотой. Аж ахуйн нэгжүүд “АИ-92” шатахууны борлуулалтаас харин ч алдагдал хүлээж байгаа” гэв.
Мөн тэрбээр “Зөвхөн шатахууны үнийг тогтвортой байлгахад анхаарч болохгүй. Бүтээгдэхүүний нөөц, чанарт голлон анхаарах учиртай. Хэрэв шатахууны үнийн өсөлтийг хүчээр барьж улмаар хомсдол үүсвэл янз бүрийн хольцтой бүтээгдэхүүн худалдах эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс эдгээрийн балансыг тааруулахад давхар анхаарч байна” гэлээ.
Манай улсад ч шатахууны үнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ давхар өсдөг жишиг тогтсон. Энэ дагуу литр тутамд нь 300 төгрөгөөр нэмэхэд бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ 7-30 хувиар өссөн байна.
У.Тэргэл