Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл зардлын тайландаа хувийн аудитын этгээдээр дүгнэлт гаргуулан, маргаашийн буюу долоодугаар сарын 24-ний дотор хүргүүлэх учиртай. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 52.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг.
Мөн сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээг хөрөнгийн эх үүсвэр болох гүйлгээ тус бүрээр , хандивлагч иргэн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл, хандивын хэмжээ, хэлбэр, зарлагын ангилал, гүйцэтгэл, үлдэгдэл, данснаас зарлага гаргаж эхлэхийн өмнөх мөнгөн хөрөнгийн дүн зэргийг тайландаа тайлагнах учиртай юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар 8,1 тэрбум төгрөгөөр тогтоосон. Хэрэв үүнээс ихийг зарцуулсан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх аж. Харин тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд тухайн намын дараагийн сонгуульд оролцуулахгүй юм байна.
Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөг хандивласан хуулийн этгээдийг нээлттэй зарлах хуультай юм.