ЭМЯ-наас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг долоо хоногоор багцлан хүргэлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа энэ үеэр “Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо долоодугаар сард буурсан статистиктай байгаа бол Улаанбаатар хотод PCR шинжилгээнд эерэг илэрсэн хувь буурч, 17.6 хувь болсон. Харин орон нутагт долоодугаар сарын 22-ны байдлаар 22.5 хувьтай байна.
ДЭМБ-ын судалгаагаар, шинжилгээнд эерэг гарах магадлал таваас доош хувьтай тохиолдолд халдварын эрсдэл буурна гэж үздэг. Харин сүүлийн хоногуудад нийслэлд халдварын тоо буурч, орон нутагт өсч байгаа учраас иргэд олон нийт халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах ёстойг тэрбээр анхаарууллаа.
Тухайлбал, долоодугаар сарын 23-ны байдлаар дэлхийн 192 улсад халдвар бүртгэгдсэн ба давхардсан тоогоор 180 улсад “Альфа”, 130 улсад “Бета”, 78 улсад “Гамма”, 124 улсад “Дельта” хувилбар илэрчээ.
Монгол Улсад бүртгэгдээд байгаа Дельта хувилбарын нууц хоног дундажаар 4-5, халдвар тархах хугацаа 6-7 хоног байгаа тул иргэд халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж, хүн хоорондын зай барих зайлшгүй шаардлагатай аж.