Аймаг, орон нутагт задгай гадна талбайд бөх барилдуулж, хурдан морь уралдуулахыг УОК зөвшөөрсөн гэх мэдээлэл түгсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр баяр наадам тэмдэглэхийг зөвшөөрсөн гэх мэдээлэл гарсан учир энэ асуудалд Улсын онцгой комиссоос олон нийтэд тайлбар хүргэе. Өнгөрсөн долоо хоногт Улсын онцгой комисс хоёр удаа хуралдсан. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагад үзүүлж буй тусламж үйлчилгээ, Ковидыг эмчлэх шаардлагатай эм тарианы нөөцийг бүрдүүлэх, намрын ургац хураалт, хичээлийн шинэ жилтэй холбоотой холбогдох журам заавар, саналын тухай хэлэлцсэн.
Эрүүл мэндийн байгууллагаас хичээлийн шинэ жилд бэлдэхэд шаардлагатай зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн. Засгийн газрын шийдвэрээр улсын болон бүсийн, аймаг сумын наадам, ой тэмдэглэх үйл ажиллагааг тодорхой хугацаанд хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг ирэх жил тэмдэглэх шийдвэр гарсан тул ямарваа нэгэн баяр наадам тэмдэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Зарим нэг спортын тэмцээн уралдааныг үзэгчгүйгээр гадна талбайд зохион байгуулах чиглэл ирсэн” гэв.