Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин өрхөд мал доголох шинж тэмдэг илэрсний дагуу сумын малын эмч аймгийн Мал эмнэлгээс тандалт судалгааг зохион байгуулж, лабораторийн шинжилгээгээр "Шүлхий" өвчин болох нь энэ сарын 7-ний өдөр батлагдсан байна.
Эрдэнэдалай сумын захиргааны зүгээс Рашаант, Тэнгэлэг, Цавчир багуудад хорио цээрийн дэглэм тогтоож холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос Шүлхий өвчинтэй тэмцэх зардлыг аймгийн Засаг Даргын нөөц хөрөнгөөс гаргах, зэргэлдээх сумд хөл хорио тогтоож, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, малчдын отор нүүдэлд хяналт тавихыг үүрэг болголоо. Өнөөдрийн байдлаар голомтын бүсэд 55 өрхийн 24145 тоо толгой мал, сэжигтэй бүсэд 47 өрхийн 28270 тоо толгой мал байна.