Энэ жил хур бороо арвин зун болж, намартаа ч үргэлжлэх янзтай байна. Говь-Алтай аймгийн Алтай суманд гэхэд өчигдөр 15:30-16:10 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсоны улмаас үер бууж, аж ахуй нэгж, албан газрын зоорийн давхарт үерийн ус орсон тухай найман дуудлага иржээ. Ингэхдээ айлын хашаа, гэрт ус орсон тухай 29 дуудлага, нийт 37 дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газраас таван ажлын хэсэг зохион байгуулан алба хаагчид ажиллаж таван айлын найман иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна. Түмэн, Жаргалант, Харзат, Баянхайрхан, Оргил багийн 23 айлд заавар зөвлөгөө өгч, суваг шуудуу татаж үерийн усыг урсган, “Алтай” чуулгын 200 мкв талбайд автомашиныг нь тавиулан, “Ундарга-Алтай” ОНӨААҮГ, “Төрийн банк”-ны байрны 205 мкв зоорийн давхарт үерийн ус орсоныг соруулж гаргах арга хэмжээ авч ажиллажээ.