Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Эрүүл мэнд болон Боловсролын сайдын хамтарсан тушаал гарсан. Тодруулбал, цэцэрлэгийн нэг бүлэгт анги дүүргэлтийг 20-25 хүүхэд хэтрүүлэхгүй, сургалтыг холимог зохион байгуулна.
Ингэхдээ дуу хөгжим болон биеийн тамирын хичээлийг хийхгүй.
ЕБС-д мөн ялгаагүй 20-25 хүүхэд хичээллүүлнэ. Сургалиын хэлбэр холимог хэлбэртэй байна. Хэрэв ангид дельта хувилбарын халдвар гарвал ангиараа зайнаас хичээллэнэ.
Мөн сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг бүрэн ашиглаж давхар хооронд бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тандалт судалгааны баг ажиллана. Өвлийн улиралд цонх онгойлгох боломжгүй байдаг учир бүх сургууль, цэцэрлэгт механик агааржуулалтын систем суурилуулсан. Сургуулийн сурагчид бүгд масктай хичээлд суух ёстой. Харин цэцэрлэгт одоогоор багш нь маскаа зүүж, хүүхдүүд маскгүй байж болно гэж зөвлөж байгаа ч халдварын тархалт ихэсвэл зөвлөмжөө өөрчилж болзошгүй” гэлээ.
А.Сүх