Элсэлтийн ерөнхий шалгалтын химийн хичээлийн сэдэв алдагдсан талаар цахим сүлжээгээр тархаж эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргээд байна. Тодруулбал, өнөөдөр хими, нийгэм судлал, газар зүйн хичээлийн шалгалт сурагчид өгч буй билээ.
Дээрх асуудлаар Боловсролын үнэлгэний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан “Химийн хичээлийн шалгалтын материал задрах боломжгүй. Бид шалгалтыг тусгай газар боловсруулдаг бөгөөд энэ үед 4-5 цагдаа үүрэг ажилладаг. Мөн тухайн газраас дотроос хүн гарах, гаднаас хүн нэвтрэх боломжгүй.
Шалгалт боловсруулж байгаа бүх хүмүүсийн биед үзлэг хийж, гар утас зэргийг нь хурааж авдаг.
Дээр нь Улаанбаатар хотоос зайдуу газрыг сонгож авдаг. Боловсруулсан даалгаврыг хаалттай газар боловсруулаад Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн алба хүлээн авч, шалгалтын төвүүдэд хүргэж өгдөг. Тиймээс шалгалтын сэдэв задрах ямар ч боломжгүй” гэлээ.
Б.Лхам