Коронавирусний халдвар, тэр дундаа дельта вирус хэдийнэ газар авч, орон нутагт хүртэл олноороо бүртгэгдэж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсээр буй. Гэтэл УОК тэмцээн нэрийн доор наадам зохион байгуулах эрхийг аймаг, сумдуудад олгочихоод халдварын тоо эрс нэмэгдэж, "хүнд" байдалд орохын цагт сүржин шийдвэр гаргасан байх аж.
Тодотговол, наймдугаар сарын 21-нээс эхлэн морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг УОК аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Эл шийдвэр гарахаас өмнө Сэлэнгэ аймагт төвийн бүсийн хурдан морины уралдаан, Дорнод аймагт зүүн бүсийн хурдан уралдаан, Ховд аймагт баруун бүсийн хурдан уралдаан, Говь-Алтайд говийн бүсийн хурдан морины уралдаан болж, Хүй долоон худагт бөхийн барилдаан болсон. Үүний улмаас халдварын тоо буураагүй өссөн нь дамжиггүй.
Коронавирусний нөхцөл байдлын талаарх өнөөдрийн мэдээллээр Ховд аймагт хамгийн олон буюу 267 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Дорнод аймагт 111, Сэлэнгэ аймагт 86, Говь-Алтайд 52 тохиолдол бүртгэгджээ.
УОК морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх талаарх үүрэгтээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, намрын ургац хураалтын ажлыг зохион байгуулах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж, тасралтгүй зохион байгуулах ажил эхэлсэн учир дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.
Нэгэнт хийх ёстой барилдаан нь болж, зохион байгуулах наадмууд нь болчихсон байхад ийнхүү ниргэсэн хойно нь хашгирсан шийдвэр гаргаж, сүрийг үзүүлж буй нь мөн л олны дургүйцлийг төрүүлээд байна.
Б.Баатар