Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 22.5 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна. Гадна талбайгаа бага багаар засаж, өнгө нэмж байгаа ч үүнд иргэдийн оролцоо ч мөн чухал байна. Гадны улсад ийм тийм соёл, ухамсартай гэж шагширдаг хэрнээ өөрсдөө түүн шигээ байж чаддаггүй. Монгол Улсад хийгдэж байгаа бүх бүтээн байгуулалт иргэдийн татварт төлсөн мөнгөөр бүтсэн зүйл. Энэ ч учраас хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалж, татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйтэй зарцуулахыг шаардах ёстой хүмүүс нь иргэд шүү дээ.
Хүрээлэн байгаа орчноо сүйтгэх бүрийд иргэдийн халааснаас авсан мөнгөөр эргүүлээд засдаг гэдгийг хаа хаанаа ухамсарлах хэрэгтэй.
Бид гаднын хүний нүдэнд хогондоо дарагдсан, ямар ч зохион байгуулалтгүй, ухамсаргүй иргэд, хот харагдаж байна. Тухайлбал, Монголд ажиллаж амьдардаг гаднын иргэн өөрийн цахим хуудастаа “Би Улаанбаатарт таван жил амьдарч байна. Би илүү олон ногоон байгууламж, гэр бүлд зориулсан тохилог цэцэрлэгт хүрээлэн, ахмадын аюулгүй орчин зэргийг харахыг хүсэж байна. Ард Аюушийн өргөн чөлөөний замыг дугуйчдад зориулан барьсан ч машинуудаа хөөж орхижээ. Дараагийн хогтой зургийг гэрийнхээ хажуухнаас авсан. Бүгдийн төлөө сайхан нийгэм байгуулцгаая” гэжээ.
А.Сүх