2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд 40,330 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Сурагчдын цахим бүртгэл маргааш 17 цагт хаагдана. Гэтэл улс, нийслэлийн хэмжээнд бүртгэлийн ирц хангалтгүй, хүүхэд багачуудын тал хувь нь ч бүртгүүлж амжаагүй байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэхээр болсон. Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийн дагуу эцэг, эхчүүд бүртгэлийг www.parent.edu.mn цахим хуудсаар баталгаажуулна. Бүртгүүлэх явц хялбар, системийн хувьд саатал, хүндрэлгүй байгаа хэдий ч эцэг, эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхгүй, бүртгэлийн явц удаашралтай байна гэлээ. Иймд эцэг, эхчүүдийг бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Боловсролын газраас уриаллаа.
Цахимаар бүртгэж эхлээд гурван жил болж буй. Өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд регистрийн дугаараараа бүртгүүлээд, мэдээлэл нь сургуульд очдог, сургууль түүнийг нягтлаад элсүүлдэг байсан. Энэ жилийн тухайд хур систем дэх мэдээлэлд үндэслэн бүртгэж байгаа.
Хаягийн зөрчилгүй бол www.parent.edu.mn цахим хаягаар бүртгүүлэхэд хүндрэл үүсэхгүй. Харин хаягийн зөрчилтэй, бусад мэдээлэл нь алдаатай бол сургууль дээр биеэр очиж бүртгүүлэх боломжтой тухай БШУЯ-наас мэдээллээ.