Таамаглахын аргагүй өөрчлөлтийн өмнөх ирээдүй бидний үр хүүхдийг хүлээж байна. Огт мэдэхгүй, төсөөлөхөд ч бэрх ирээдүйд та үр хүүхдээ хэрхэн бэлдэж байна вэ?
Яаж өөрчлөгдсөн ч чадамжаар хэмжигдэж, боломжийн үүд хаалга нээгдэх дэлхийд эцэг эхчүүдийн хийж чадах зүйл бол үр хүүхдээ бэлтгэх юм. Эцэг эх бүр адилгүй. Зарим нь үр хүүхдээ бусадтай харьцуулж, урмыг нь хугалж, зодох, загнах зэргээр насан туршид нь үл мартах сэтгэлийн шарх үлдээдэг нь өр өвтгөм. Үүнийгээ биеийг нь төрүүлснээс санааг нь төрүүлээгүй гэж өмөөрөх нь байж боломжгүй үйлдэл юм.
Хүүхэд өсгөнө гэдэг зөвхөн идэх хоол, сурах хэрэгцээ төдийгөөр хэмжигдэх зүйл биш. Оюун санааны хэрэгцээг нь хангаж, хүн болох үндэс суурийг нь зөв тавьж, удирдан чиглүүлэх учиртай. Иймээс хүний амьдрал, хувь заяаг өөрчлөх шидтэй энэхүү бага насны гайхамшигт өдрүүдэд яагаад ач холбогдол өгч анхаарах ёстойг, ингэснээр амьдралыг хэрхэн өөдрөгөөр өөрчилж болох талаар ухаарал өгсөн нэгэн шинэ ном уншигч таны гарт очиж байна. Энэ бол “Насан туршдаа эзэмшихүй”. Уг судалгааны эмхэтгэл нь “Насан туршдаа суралцахуй” номын үргэлжлэл юм. Энэхүү номын зохиогч нь дөрвөн хүүхдийн аав Б.Одсүрэн. Тэрбээр Дачер Келтнерийн “Эрх мэдлийн парадокс” номыг 2018 онд орчуулж, олны хүртээл болгож байжээ.
Б.Одсүрэн хэдий өөр мэргэжилтэй ч хүүхдийн хүмүүжил, төлөвшил, мэдлэг, боловсролын дэлхийн чиг хандлагын талаар арав гаруй жилийн турш судалж буй нэгэн. Хүүхдийн хүмүүжил, боловсролын талаарх олон зуун ном, эмхэтгэл, шинжлэх ухааны тайлангууд уншиж судалснаа дөрвөн цуврал ном болгон эмхэтгэсний хоёр дахь нь ийнхүү олны хүртээл болж байна.
Амьдралд хамгийн сайхан зүйлүүд үнэгүй байдаг. Эцэг эхийн хайр, тэврэлт, үнсэлт, инээмсэглэл, сайхан дурсамж үлдээх, асуултад нь хариулах зэргийг хэзээ ч бүү хойш тавиарай. Нэгэнт эргүүлж болохгүй цаг хугацааг эцэг эхийн хувьд үр хүүхдэдээ ухамсартайгаар зарцуулах нь таны үүрэг. Бас ирээдүйдээ хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Энэхүү ном нь эцэг эхчүүдийн гарын авлага болохуйц судалгааны эмхэтгэл болжээ. Шинэ хүнээ хүлээн авсан залуу ээж аавуудад нэн хэрэгцээт бүтээл гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй.
Сонирхуулахад, “Насан туршдаа суралцахуй” номд даяаршиж буй технологи, инновацын хүчтэй өрсөлдөөнт нийгэмд ирээдүйн боловсон хүчнийг ямар шалгуураар үнэлэх, боловсрол эзэмших гол багаж нь чухам юу байх, мэдлэг чадвар, үнэт зүйлс, амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөх талаар ч өгүүлснээрээ онцлог.
Хүүхэд бүр эрүүл, аз жаргалтай орчинд хайр дүүрэн өсөх болтугай.