Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас машины дугуйны завсарт 574 кг адууны өлөн гэдэс, 1,2 тонн зэсийг хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлэн, холбогдох газар нь шалгаж буй.
Дээрх асуудлын талаар цахим сүлжээнд иргэдийг ингэвэл хорино, тэгвэл шийтгэнэ, болохгүй, хориглоно зэргээр хааж, боодог хэмээн олон нийт дургүйцлээ илэрхийлээд байгаа. Тэгвэл энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Өлөнг гаргачих л даа. Боломжийг нь нээгээд өгчих. Хааж, хязгаарлах нь төрийн зохицуулалт биш. Нээж, чөлөөлөх нь төрийн зохицуулалт.
Хааж боохоос илүүтэй хурдан шуурхай экспортын зөвшөөрөл олгодог бол иргэд нь экспортын бараа бүтээгдэхүүнийг нууж хийх шаардлагагүй болно.
Нууцаар гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг буруутгахаас илүүтэй яагаад ингэх болов гэдгийг төрийн холбогдох байгууллагууд бодож шийдлийг гаргах хэрэгтэй.
Уул нь гадаад харилцаан дээрээ тухайн оронд экспортлох зөвшөөрлийг нь хөөцөлдөж өгөөд сувгийг нь нээгээд өгвөл Монгол улсад үнэгүй шахуу хаягддаг малын түүхий эд үнэлэгддэг болно. Бид 70-н сая малтай, түүнийг баялаг болгох хэрэгтэй гэдгээ мартаж болохгүй.
Бид хоёр их гүрний дунд байгаа нь нэг талаасаа их азтай. Хоёр том зах зээл, эдийн засгийн том боломж. Үүнийг зөвөөр ашиглаж гадаад худалдааны сувгуудыг бүх талаар нээж өгөх нь төрийн зохицуулалт. Төрөөс иргэн бүрийг бизнес эрхлэх боломжоор нь хангачихвал ажилтай, орлоготой байх нөхцөлөө тэд өөрсдөө бүрдүүлчихнэ. Халамжийг багасгах нэг шийдэл" гэжээ.
Сэтгэгдэл (1)